Хэл солих

“Эрчим хүчний хэмнэлттэй модуляр их сургуулийн барилгын төлөвлөлт” сэдэвт олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Нийтэлсэн огноо: 2014-04-23 02:04:22

“Эрчим хүчний хэмнэлттэй модуляр их сургуулийн барилгын төлөвлөлт” сэдэвт олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Монгол улсад сантехникийн инженер бэлтгэж эхэлсэний 50 жилийн ойн хүрээнд ШУТИС, БИАС –ийн Ус хангамж, халаалт агаар сэлгэлтийн профессорын баг, Австрийн Венийн техникийн ухааны их сургуулийн Хотын сэргээгдэх эрчим хүч мэргэжлийн хөтөлбөртэй хамтран “Эрчим хүчний хэмнэлттэй модуляр их сургуулийн барилгын төлөвлөлт” сэдэвт оюутаны эрдэм шинжилгээний хурлыг 4 сарын 14-15 өдрүүдэд ШУТИС-ийн номын сангийн 604 тоот өрөөнд зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд ШУТИС-ийн шинээр төлөвлөж буй 13 давхар барилгын эскиз зураг дээр үндэслэн төлөвлөлтийг хийсэн ба халаалт, агаар сэлгэлт, кондиционерийн (ХАСК) системийн эрчим хүчний хэрэглээг зохистой түвшин хүртэл бууруулж, тухайн барилгад сурч ажиллах, багш, оюутануудын эрүүл тав тухтай байх орчинг бүрдүүлэх технологийн шийдлийг боловсруулах тал дээр архитектур, дулааны физик, ХАСК гэсэн 3 чиглэлээр оюутнууд хамтран ажиллаж, зарчмын шийдлүүдийг боловсрууллаа. Цаашид энэ ажлыг нарийвчлан судлах ажлыг хоёр сургуулийн магистр оюутнууд өөрсдийн дипломын ажлын хүрээнд хийж гүйцэтгэх юм.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд илтгэлийг ганцаарчилсан, төлөөллийн болон багийн гэсэн 3 хэлбэрээр зохион байгуулсан нь уламжлалт хэлбэрээс илүү өвөрмөгц, оролцоог хангасан шийдэл байсан. Энэхүү хурлын үр дүн буюу барилгын төлөвлөлтийн талаарх саналыг постер хэлбэрээр боловсруулан танилцуулах юм.

Шинээр төгсөж буй оюутануудад европын тогтвортой (ногоон) барилгын талаарх мэдээлэл, тэдгээрийн архитектур, бүтээц, дулаан хамгаалалт, халаалт, агаар сэлгэлт, кондиционер, цахилгаан хангамж, автомат удирдлагын системийн төлөвлөлтийн шийдлийн талаарх туршлага судлах боломжийг олгосон нь энэ хурлын нэг гол үр дүн байсныг дурдмаар байна.

Хурлыг ШУТИС –ийн харьяа БИАС –ийн захиргаа болон Барилгын эрчим хүч хэмнэлтийн төв ивээн тэтгэж, дэмжиж ажилласанд талархал илэрхийлье.

ШУТИС, Ус хангамж, халаалт, агаар сэлгэлтийн баг

Зураг 1. Хурлын нээлтэнд ШУТИС –ийн тэргүүн проректор Д. Батчулуун, бизнес инновацийн газрын дарга Д. Хашбаяр нар оролцлоо.

Зураг 2. Илтгэлүүдийг ханан буюу постер хэлбэрээр танилцуулж байгаа нь.

Зураг 3. Төлөөллийн илтгэлийн үеэр.

Зураг 4. ХАСК –ийн системийн төлөвлөлтийн баг

Зураг 5. ШУТИС –ийн шинэ барилгын дулаан хамгаалалт, ХАСК-ийн системийн төлөвлөлтөөр магистрийн диплом бичиж буй Венийн техникийн их сургуулийн оюутнууд тэдгээрийн удирдагч багш нар.

Зураг 6. Хурлын өрөө ашиглах цаг дууссан тул үр дүнг нэгтгэх ажлыг хичээлийн танхимд хийсэн нь.

Зураг 7. Нийгэм, соёлын арга хэмжээний хүрээнд “Нүүр хагарах” уулзалтыг хурлын өмнө Молцог элс, Хустайн үндэсний парктай танилцах аялалтай уялдуулан зохион байгуулсан.