Хэл солих

Төслийн танилцуулга

Нийтэлсэн огноо: 2013-09-26 08:09:12

БАРИЛГЫН ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭЛТИЙН

МОН/09/301 ТӨСӨЛ

2009-2013

Зорилго: 

Монгол улсын барилгын салбарт шинээр баригдаж буй орон сууц, олон нийтийн барилга дахь эрчим хүчний хэрэглээг хэмнэх замаар барилгын салбараас ялгарч буй хүлэмжийн хийн жилийн өсөлтийн хэмжээг бууруулах

Зорилт:

  • Барилгын салбарт шинээр баригдах орон сууц, олон нийтийн барилгад дагаж мөрдөх эрчим хүчний хэмнэлтийн норм, дүрэм, стандартыг шинэчлэн боловсруулах
  • Эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжуудыг барих, шинэ арга техникийн нэвтрүүлэх
  • Эрчим хүчний хэмнэлттэй барилгын барихад зориулагдсан санхүүгийн механизмийн бүрдүүлэх

 

Үргэлжлэх хугацаа:                2009-2013

Барилгын эрчим хүч хэмнэлтийн төслийн үндсэн баримт бичигт Монгол улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын Сайд Ноён Х.Баттулга, Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Хатагтай Дебора Комини нар 2010 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулав.

ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛҮҮД


 

Бүрэлдэхүүн хэсэг 1: Эрчим хүчний хэмнэлттэй холбоотой БНбД, стандартыг шинэчлэн боловсруулж, түүний хэрэгжилтийг хангах.

Барилгын салбарын эрчим хүчний хэрэглээ, түүний үр ашигтай зарцуулахтай уялдсан норматив бичиг баримт, үндэсний стандартуудыг хэрэглэхэд энгийн, багц байдлаар боловсруулна. Энэхүү норм, стандартууд нь шинээр баригдах барилгуудад төдийгүй дулаан хамгаалалт хангалтгүй баригдсан барилгуудад ч хамаарагдах ба байгаль орчинд ээлтэй, дулаан тусгаарлалт сайтай, шинэ дэвшилтэт, барилгын материалын болон угсралтын технологийг нэвтрүүлэх асуудлуудыг харгалзан үзнэ.

Мөн чанарын хяналт, үнэлгээний системийг бий болгох, амины орон сууцны барилгыг норм, стандартын шаардлага хангах чиглэлрүү аажмаар шилжин орох нөхцлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх юм.


Бүрэлдэхүүн хэсэг 2: Сургалт ба мэдээлэл

Барилгын салбарт эрчим хүчний хэмнэлттэй техник, технологийг нэвтрүүлэх, материалын болон угсралтын ажлын чанарыг баталгаажуулах чиглэлээр барилгын салбарын захиалагч, гүйцэтгэгч, болон хяналт тавих байгууллагууд, гэр хорооллын хувийн орон сууц барих иргэдэд зориулсан сургалт зохион байгуулах, шаардлагатай техникийн дэмжлэг үзүүлнэ.

 


Бүрэлдэхүүн хэсэг 3: Эрчим хүчний хэмнэлттэй барилга, орон сууцыг санхүүжүүлэх механизмыг хүртээмжтэй болгох. 

Эрчим хүчний хэмнэлттэй барилга, орон сууцыг санхүүжүүлэх механизмыг олон нийтэд хүртээмжтэй болгох ажлыг зохион байгуулаж, зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийг бий болгож буй аль аль талд нь дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм.

ХасБанкны зүгээс эрсдэл хуваах гэрээ байгуулан нийт 2 сая ам.долларыг эрчим хүчний хэмнэлттэй хувийн орон сууц барих иргэдэд зориулан зээлээр олгоно.


ТӨСЛИЙН ҮР ДҮН

А. Хүлэмжийн хийг бууруулах нөлөөлөл

Шинээр баригдаж буй орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгад эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг бий болгосноор тэдгээрт шаардагдах эрчим хүчний хэрэглээ болон түүнийг үйлдвэрлэхэд ялгарах хүлэмжийн хийн хэмжээ буурна.

 

Б. Нийгэм эдийн засгийн нөлөөлөл

Монгол улсад барилгын салбар хурдацтай өсөхийн хирээр тэдгээрт шаардагдах эрчим хүчний хэмжээ нэмэгдэж түүнийг бүрэн хангах эх үүсвэр дутагдаж байгаа тул хязгаарлагдмал нөөцөөр илүү орон хэрэглэгчийг хангах боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр нэгж хэрэглэгч дэх эрчим хүчний хэрэглээ өндөр байгаа тохиолдолд иргэдэд хэрэглэсэн эрчим хүчний үнийг төлөх чадваргүйн улмаас улсаас өгч буй татаасын хэмжээ буурах болно.