Хэл солих

Барилгын дулаалгын технологийн сургалт

Нийтэлсэн огноо: 2013-09-25 00:09:25

НҮБХХ, ЗТБХЯ-наас хамтран хэрэгжүүлж байгаа Барилгын эрчим хүч хэмнэлтийн МОН/09/301 төслийн дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн харьяа Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвөөс

2012 оны 7 сарын 27-28 ны өдрүүдэд барилгын гадна ханын дулаалгын технологийн сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтанд барилгын салбарын инженер техникийн ажилтан, угсралтын ажилчид оролцож хөөсөнцөр хавтангийн холболттой дулаалгын систем, эрдэс хөвөн бүхий агаар сэлгэлттэй дулаалгын системийн суурилуулалтын технологийн талаар мэдлэгтэй боллоо.

Сургалтанд оролцогчдод чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг таних талаарх БЭХХТөвөөс мэдээлэл өгч чанарын шошго аваад байгаа Пирамид индустри ХХК ны хөөсөнцөр хавтан буюу (EPS), Нью форм ХХК ны шахмал хөөсөнцөр хавтан (XPS), Монгол базальт ХХК ны чулуун хөвөн зэргийг танилцуулж тэдгээрийг чанаргүй бүтээгдэхүүнээс ялгах аргуудыг зааж өглөө. Мөн тэдгээрийн угсралтын технологийн талаар боловсруулсан техникийн бичиг баримтууд, мөрдөгдөж байгаа норм стандартуудыг танилцуулав.

Цонх хаалга үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Л. Гантөмөр цонхонд тавигдах стандартын шаардлагын талаар танилцуулж, цонхны гурвалсан дулаалгын системийн талаар бодит суурилуулалтан дээр жишээ болгон үзүүллээ.

Барилгад хамгийн түгээмэл хэрэглэгддэг дулаалга бол хөөсөнцөр хавтан байдаг. Сургалтанд Пирамид индустрал ХХКны стандартын шаардлага хангасан шошго бүхий хөөсөнцөр хавтанг ашиглан КНАУФГИПС ХХК ны борлуулалт, сургалт хариуцсан менежер Б.Мөнх-Эрдэнэ суурь үе үүсгэж материал хоорондын барьцалдах чадварыг сайжруулах үүрэг бүхий ISOGRUND, хөөсөнцөрийн шавардлагатай зуурмаг болох КНАУФ-Севенер, гоелын өнгөлгөөний КНАУФ-Диамант зэрэг бэлдэцүүдийг ашиглан загвар хананд суурилуулалт хийж, тайлбарлан сургалтыг явууллаа.

Тус сургалтанд ОХУ-аас мэргэжилтэнгүүд ирж байгаль орчинд ээлтэй эко дулаалгын материал болох “КНАУФ” фирмийн эрдэс хөвөн, болон “Метал профиль” фирмийн метал бэхэлгээний болон өнгөлгөөний иж бүрдэл системийг танилцуулж, угсралтыг хийж үзүүллээ. Дээрх бүтээгдэхүүнийг РОСТОРГ ХХК монголын зах зээлд нийлүүлдэг.

Энэхүү сургалтыг барилгын угсралтын компанийн ажилчдад зориулан тогтмол явуулах бөгөөд сургалтанд өөрийн ажилчдаа хамруулах барилгын компаниуд ШУТИС-ийн харьяа Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн beep@mail.mn майл хаягаар болон 96623494 утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.